2020-12-07

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР СҮМ ХИЙДҮҮДИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ СУНГАЛАА
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2020.12.07/ болж, тус хурлаар “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай”, “Сүм хийдийн зөвшөөрөл сунгах тухай”, “Сургууль, цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчийн төлөөлөл томилох тухай”, “Үндсэн хөрөнгө бүртгэх, зөвшөөрөл олгох тухай”, “Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай”, “Дуудлага худалдааны доод үнэ, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, “Дархан Үйлдвэр технологийн парк” ОНӨААТҮГ-ын дүрэм батлах тухай, “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг чөлөөлөх тухай”, “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилох тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.
Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар 27 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байгаагаас 6 нь буддийн, 20 христийн, 1 мусульман шашны сүм хийд юм.
Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр зөвшөөрлөө сунгуулах материалаа ирүүлсэн сүм, хийдийн хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт Тэргүүлэгчдэд танилцууллаа.
Хурлаар “Эвсэг ахан дүүсийн төлөө”, “Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн хуучин дархан цуглаан”, “Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн шинэ дархан цуглаан”, “Соён гэгээрүүлэгч шашны төв”, “Бурхантын Есүс”, “Дархан Баптист”, “Дэлхийн сайн мэдээний авралын зарын Дарханы бурханы сүм”, “Хараагийн дарь эх ламын Гэцогдаржайлин хийд” зэрэг сүм, шашны 8 байгууллагын үйл ажиллагааны зөвшөөрлийг нэг жилээр сунгалаа.
Аймгийн ИТХ-ын Хуралдаанаар шинэчлэн баталсан “Сүм хийдийн үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох, сунгах хориглох журам”-ын дагуу жилд 2 удаа зөвшөөрөл сунгуулах хүсэлт ирүүлсэн сүм, хийдийн зөвшөөрлийн материалыг хэлэлцэх бөгөөд мөн аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг жилд 2 удаа хяналт шалгалтаар ажиллаж байна.
Үүний үр дүнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналт эрс сайжирч байгааг аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат онцолсон юм.
Powered by Froala Editor